Саяхан л ажил хийх эрхгүй, хайж үзээгүй гээд биччихээд байсан чинь ажилтай болоод ажил хийгээд үзчихлээ, Тайваньд. Өчигдөр ажлаа дуусгаад, цалин аваад, сайхан байна өө.
Өвлийн амралт эхлээд удаагүй байсан чинь гэнэт ажлын санал хүлээж аваад аа.Нэг өдөр нэг танихгүй охин (одоо бол таньдаг болсон л доо) фб-р мессеж бичээд :D "Амралтаараа буцах уу, буцахгүй бол ажил хийх үү" гээд. Кк, тэгээд л би ажилтай болж, амьдралдаа анх удаа зөөгч хийж үзсэн юмаа гэж :D
Ер нь бол би ажил хийх эрхгүй, тэтгэлгээс зөвшөөрдөггүй болохоор ажил хайж үзээгүй, хийе гэж зорьж байгаагүй. Гэхдээ л Тайваньд ажил хийж үзэх юмсан, ямар байдаг бол гэж бодож байсан. Бас ажил хичээлээ зэрэг амжуулдаг хүмүүсийг хараад бахархдаг, бас ядарч байгааг нь бодохоор сэтгэл өвддөг ч гэсэн, би байсан бол яах байсан бол, ингэж чадах болов уу гэж бас бодож байсаан, кк. Тэгээд хүсэл маань биелэж хууль бус ч гэсэн ажиллаад үзчихлээ, ажил хичээл гэж зэрэг гүйгээгүй ч гэсэн, сурахын тулд ажиллах хэрэгтэй найзуудынхаа зовлонг зах зухаас нь ч болтугай ойлгосоон. Тэгээд хоёр долоо хоног зөөгч хийх хугацаандаа юу бодсоноо бас ойлгосоноо бичихээр шийдлээ л дээ.
Зөөгч гэдэг нь хүмүүсийн захиалсан хоолыг хүргэж өгөх, ширээ цэвэрлэх, зоогийн газраа цэвэрлэх, арчих, шүүрдэх, угаах, эмхлэх, цэгцлэх гэх мэт бүх л төрлийн ажил хийнэ, өдөржин зогсоо зайгүй хөдлөнө, явна. Суухгүй кк. Ямартай ч өдөр бүр өглөөний 9:30 аас оройны 9:30 хүртэл ажиллах их хялбархан байгаагүй ч маш олон давуу талтай байлаа.
1. Үнэгүй фитнесс (ямар ч байсан би 2кг турсан байхаа, хаха)
2. Цалин (Мэдээж мөнгө чухал, миний аялалд маш нэмэртэй, би цалингаараа аялалын цүнх, гутал, бас гоё камер авсан. Бас хүмүүсийг пийваар дайлсан :P)
3. Цагийг үр бүтээлтэй өнгөрөөсөн (Хэрвээ би энэ ажлыг хийгээгүй байсан бол үд болтол унтаад, өдөржин кино үзэж л амралтаа өнгөрөөх байсан (for sure :P))
4. Амьдралын туршлага хуримтлуулсан. Зөөгч хийж үзнэ, ресторанд ажиллана гэдэг чинь туршлага, бас дурсамж.
5. Ажиглалт хийсэн. Хүний нөөцийн ажилтны нүдээр харахыг хичээсэн. Ажилчдын болон ажил олгогчийн тус тусын байр суурь, хандлага болон харилцааг анзаарахыг хичээсэн. Ажилтны ч, мөн ажил олгогчийн ч нүдээр асуудлыг харахыг хичээсэн. Энэ бас их сонирхолтой байсан.
6. За хамгийн чухал нь би энэ дэлхийн маш өчүүхэн жижиг хэсэг гэдгээ мэдэрсэн, ойлгож авсан, мөн өөртөө байгаа зүйлд талархалтай хандаж, сэтгэл хангалуун байх ёстойг ойлгосон.
Жишээ нь би мөнгөнд санаа зовохгүйгээр сурах боломжтой байна, бүр намайг сурсны төлөө мөнгө өгч байна. Тэгтэл бид нар заримдаа гомдоллодог, дотуур байр ийм байна, тийм байна, сургууль ийм байна, тэгсэнгүй, ингэсэнгүй, гээд л.
Бас нэг зүйл нь би зөөгч хийгээд, Тайваний хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжаад, хоёр долоо хоног ажиллаад авч байгаа цалин маань Монголд "гайгүй" компанид "гайгүй" сайн ажилд сар ажиллах цалингаас илүү байна. Тэгээд бодлоо л доо, энэ бол Монгол залуучууд гадагшаа явж байгаагийн гол шалтгаан. Харамсмаар. Олон инженер, эмч, багш мэргэжилтэй хүмүүс "хар ажил", биеийн хүчний ажил хийхээр гадагшаа явж байна. Монголд оюуны ажил хийж байсан хүмүүс гадаад оронд очоод биеийн хүчний ажил хийгээд ирэхээр юу боддог бол, өөртэйгөө зөрчилддөг болов уу, дотоод зөрчил нь амьдралд нь, сэтгэл ханамж, аз жаргалд нь яаж нөлөөлдөг бол гэж бодогдсон.
Гэхдээ зөвхөн Монголчууд ч биш өөр орны хүмүүс ч бас энд тэнд ажиллаж амьдарч байна, сайхан амьдралын төлөө өөр өөрийнхөөрөө л тэмцэж байна. Манай ресторанд нэг Индонез эмэгтэй угаагчаар ажилладаг. Хальт сонсох нь ээ 30 настай, 3 настай охинтой. Тэгээд өдөр бүр, өглөөнөөс орой хүртэл аяга угаагаад, олсон мөнгөө гэрлүүгээ, хүүхэд рүүгээ явуулдаг. Бодохоор, хүүхдийнхээ ирээдүйн төлөө, сайн сайхан амьдралынх нь төлөө л ингэж хүний газар, өглөөнөөс орой хүртэл ажиллаж байгаа байх. Нөгөө бодлын хүүхдийнхаа төлөө ажиллаж байгаа ч гэсэн, хүүхдийнхээ хэрхэн өсөж торниж байгааг харахгүй, хамт байхгүй гэхээр харамсмаар. Бас өдөр бүр нэг газар, нэг ижил юм хийгээд хайран залуу нас нь ямар ч адал явдалгүй, нийгмийн амьдралгүй өнгөрөөд ч байгаа юм шиг санагдсан. Гэхдээ би л хальт хараад л ингэж бодож байгаа болохоос тэр хүний хувьд амьдралын баяр баяслаа өөр зүйлүүдээс авдаг байж болно л доо.
Тиймээс хүн өөртөө байгаа зүйлдээ талархах, харьцангуй азтай төрснөө мэдэх, тэрэндээ баяр баясалтай байх ёстой юм билээ, ингэмээр байна, тэгмээр байна, энэ ч болохгүй, тэр ч болохгүй байна гээд гомдоллож байхын оронд өөртөө байгаа боломжуудыг үнэлэж сурах, тэрэндээ баясаж байх хэрэгтэй санагдсан.
7. Ёстой мундаг хоёр Монгол охинтой найз болсон. Хүн яаж байнга тийм зөв, зөөлхөн, сайхан сэтгэлтэй байдгийг хараад биширсээн. Бас халамжлуулаад л, яг нэг эмээ, ээж юм шиг, бүх зүйл дээр туслаад, зааж өгөөд, бас ядарч байна уу, амарчих, хоолоо ид гээд л. Ёстой хөөрхөн
8. Үнэгүй хоол :D
9. Хятад хэлний үнэгүй курс (сонсгол бол гайгүй сайжирсан гэж бодож байгаа) гэх мэт олон давуу талтай ажил байлаа.
Миний хувьд үнэхээр сайхан туршлага байж чадлаа. Гэхдээ "ядарч байна, зүдэрч байна, хумс, хуруу минь аймаар болж байна, ингэлээ тэглээ бла бла гээд л гоншигносоон, гоншигносон ккк, хааяаа хүнд чинь бас гомдоллох, гонгигонох хэрэгцээ байдаг юм нтр :P
Гомдоллоход минь сонсож өгсөн, санаа тавьсан, бас загнаж өгсөн хүмүүст их баярлалаа :D
Т. Энхбаяр
2017.02.05
Тайвань, Тайпей