Wednesday, December 7, 2016

Урангоо ирж Тайпей дахь Улаанбаатарын худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газрыг "шалгах" боломж олдсон нь

За уур ч юмуу, гутрал ч юмуу төрөөд байна оо.

Урд шөнө Урангоо Тайчунаас ирсэн юм. Гадаад пасспортоо сунгуулах, сунгуулсны дараа хийх "нууц" ажил, бас хамгийн чухал нь надтай уулзах гэдэг ажлуудтай ирсэн юмоо.

Тэгээд яахав, шөнө ирсэн болохоор өрөөнийхийгөө сэрээчихвий гэж шивэгнэсээр байгаад, чалчсаар байгаад бараг өглөө болгож байгаа юм. Өглөө босоод, цайгаа уугаад, нүүрээ будаад (хаха, цаг их орсон супер будалт хийгээд :P,) бараг шинэ жилд орчихмоор болоод нэг юм гарч байгаа юм кк.

За тэгээд гол ажил гадаад пасспорт сунгуулах байсан болохоор Тайпей дахь Улаанбаатарын худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газар луу явав оо. Энэ газар бол Тайваньд Монгол улсыг албан ёсоор төлөөлж байгаа газар. Гадаад харилцааны асуудлуудаас болоод элчин сайдын яам гэдэг нэргүй ч гэлээ Тайваньд байгаа Монголчуудын хувьд эх орныг нь төлөөлж байгаа, асуудал тулгарахад хамгийн түрүүнд хандах газар нь. Албан байр нь Тайпейгийн төвд, алдарт 101-ийн хажууд, Дэлхийн худалдааны төвийн байрны 11 давхарт байдаг юм байна.

Бид хоёр 12 дөхөж байхад очсоон. Цайны цаг болж байгааг мэдэж байсан л даа.Гэхдээ арай ч цайндаа гарчихааргүй байхад очсон юм. Тэгээд орлоо, нэг нас тогтсон эгч байна. Бид хоёр мэндлээд ирсэн учраа хэллээ. Тэгсэн чинь, "Энд суудаг манай хүн ажилтай, түрүүнд гараад явсан." гэж байна. "Хэзээ ирэх бол" гэсэн чинь "Мэдэхгүй, тэгээд ч одоо цайны цаг болж байна" гэв. Тэгэхээр нь "Цайны цаг хэзээ дуусах уу, бид хоёр 1 гээд ирж болох уу?" гэсэн чинь "Цайны цаг 2-т дуусна" гэж байна. (Гэдгээс тэдний цайны цаг 13-14 цаг гэсэн үг
Тэгээд бид хоёр асуулаа, "2 гээд ирвэл танай ажилтан ирсэн байх болов уу, бид хоёр яг хэдэд ирвэл болох уу" гэлээ, тэгтэл "Мэдэхгүй" гэсэн.
Сунгуулсан пасспортоо аваад бид хоёр өөр тийшээ явах байсан болохоор, дахиад асуулаа "Гадаад пасспорт сургуулахад аль хир хугацаа зарцуулах бол, удах уу" гэсэн чинь бас "мэдэхгүй, манай энд суудаг хүн мэднэ" гэсэн. ккк. My goodness, мэдэхгүй бол гэртээ хариач ээ, тэнд юу хийж байгаа юм бэ. Минийхээр бол тэр жижиг газар үндсэн хэдэн чиг үүрэгтэй байгаа, бас нэгнийхээ юу хийдгийг мэдэхээргүй том, олон хүнтэй компани биш шүү дээ. 

За тэгээд бид хоёр, хоол олж идлээ, дэлгүүр хэслээ, найдвартайгаар нь "2 өнгөрөөгөөд л очьё" гэж ярилаа. Тэнэлээ, зугааллаа, хоёр боллоо, очлоо.

Азаар "тэнд суудаг хүн" нь байна. Учраа хэллээ. Тэгсэн чинь тамга байхгүй, дарга аваад хаашаа хаашаа явсан, бла бла бла. Дарга дөнгөж сая гарсан, ирэхээсээ өмнө утсаар хэлэхгүй яасан юм. Тамгаа аваад үлдэх байсан бла бла бла. 

Бид хоёр хэллээ, өглөө ирсэн, байхгүй байсан, 2 өнгөрөөж ир гэхээр нь ирж байгаа, бас Тайчунаас ирсэн, одоо буцах гэж байгаа, бас пасспортоо 5 дахиас өмнө сургуульдаа ингэнэ тэгнэ гээд л "зовлон"-гоо ярьлаа. Өөдөөс бас зовлон, шалтаг тоочлоо. Хоёр даргатай, нэг нь гарын үсэг зурч, нөгөөх нь тамгалдаг л гэнэ, их ажилтай энүүгээр тэнүүгээр явна л гэнэ. Тэгээд би ирэх нэг дэхь өдөр, даргыг нь ирэхээр, найзынхаа пасспортыг аваад очихоор боллоо. Инээдтэй юм оо, өнөөдөр уул нь Лхагва гараг, долоо хоног дөнгөж дундаа орж байхад, тэр байгууллагын даргыг хүлээгээд ирэх 7 хоног хүргэх ёстой болов. Яг л Монголд ажил хөөцөлдөж байгаа шиг, Монголчууд тэрэндээ дасчихсан байдаг шиг :( :( :(

Бид нар л Монгол гэсэн шиг байхаа болиоч, Өөрсдөө гадаадад амьдарч байж, энэ улсад байгаа үйлчилгээ, хүмүүс, байдал, нөхцөл, ажил, харилцаа ямар байгааг мэдэж байж, ялгааг харж байж, яагаад бусдын сайнаас суралцахгүй бахь байдгаараа, "Монголоороо" байгаад байдаг юм бэ. Өсөж, хөгжиж, өөрчлөгдөж болдоггүй, ямар өрөвдмөөр юм бэ. Бодохоос гутараад байх юм аа. 

Тэгээд бодлоо л доо, энэ байгууллага ер нь ямар үүрэг чиглэлтэй юм бол, энд байгаа хүмүүс юу хийдэг юм бол. Үндсэн үүрэгт нь пасспорт сунгах гэж ер нь байдаг юм болов уу, орон тоо нь хэд юм бол, ажилчдынх нь ажил үүргийн хуваарь, ажлын байрны тодорхойлолт гэж юу байдаг бол, ямар цалин авдаг бол, орон байр гээд энд амьдрах зардлуудыг хэн төлдөг бол гээд л. Тэгээд хайж үзлээ л дээ. Хэдэн хууль байдаг л юм байна. Тэнд нь 

7.1.5. хилийн чанадад Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг олон улсын эрх зүйн дагуу дипломат аргаар хамгаалах;
7.1.6. Консулын болон нотариатын үйлчилгээ үзүүлж, иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийг хөтлөх;

ийм заалтууд байдаг л юм байна. Бас цалин хөлс, бүгдийг нь Монгол улс төлдөг л юм байна.

Тэгээд мэдэхгүй ээ, зүгээр л сонин санагдаад, эгдүү төрүүлээд байгаа юм нь хүмүүс өөрсдийнхөө жижигхээн хүрээнд амьдраад, тэрнээсээ гадуурх амьдралыг харахгүй, харлаа ч тоохгүй, илүү дээр болгож болохоор байхад хийхгүй байгаа нь таалагдахгүй байна. 



Т. Энхбаяр
2016.12.07