Өнөөдөр "Төрийн албаны Хүний нөөцийн хөгжил" гэсэн нэртэй ОУ-ын хуралд суулаа. Зөндөө олон шинэ мэдээлэл, улс орнуудын туршлагаас сонсоод сайхан байсан ч сонсох болгондоо Монголтойгоо харьцуулж бодоод, харамсаад, манайх их хоцорчээ, бас яагаачгүй байгаа юм байна даа гэж бодогдоод байлоо.
Хаана ч билээ нэг хүн биччихсэн байсан даа, Монголын төрийн алба 4 жилийн циклд орчихсон, сайндаа л хоёр жил идэвхтэй ажиллаад, нөгөө хоёр жилд нь шийдвэрээ хүлээгээд зүгээр суучихдаг гэж.
Ямартай ч төрийн байгууллагад нэг жил ажилласны хувьд, бүтцийн өөрчлөлтөөр халагдсан хүний хувьд, үнэхээр байгууллага татан буугдах, өөрчлөгдөх болоход хүссэн хүсээгүй идэвхгүй хүлээлтийн байдалд орчихдог юм байна лээ. Уул нь төлөвлөснийхөө дагуу явах ёстой ч, үргэлжлээд ажиллах ч юм уу, үгүй ч юм уу, байгууллага байх ч юм уу үгүй ч юм уу дээр тулаад ирэхээр, цайны өрөөндөө цай уугаад л, "хов яриад" байхаас өөр ажил байдгүйн байна лээ ш дээ :P. Бараг сар гаран тэгж суусан байхоо.
Тэгээд их сайхан төлөвлөгөө, алсыг харсан том зорилготой, тэрнийхээ төлөө хийсэн, эхлүүлсэн хэдэн ажилтай байж байгаад л бүх юм өөрчлөгдөөд, халагдаад, хийсэн бүхэн минь бараг юу ч биш болоод, тэгээд хаягддаг л юм байна лээ. Миний харснаар бол хүний нөөцийн нэгдсэн бодлого, стратеги гэж бол Монголын төрийн албанд л лав байхгүй. За энэ яахуу, муулья гэвэл зөндөө л юм бичмээр байна.
Ямартай ч өнөөдрийн хуралд,
Европын холбоо (European Union) төрийн албан хаагчдаа яаж хөгжүүлж, хүний нөөцийн бодлогоо хэрэгжүүлдэг тухай, одоо цаашид тулгарч болох асуудлуудын (future challenge) тухай ярилаа.
Мөн Тайваний их сургуулийн профессорууд Төрийн албаны талент менежмент, болон сайн туршлагуудын талаар, хүний нөөцөө хэрхэн хөгжүүлэх, чадавхижуулах талаар,
Аргентиний төрийн албаны сургуулийн менежер, Аргентиний туршлага, төрийн болон хувийн хэвшлийн хүний нөөцийн ялгаа, тэгээд төрийн албан хаагчдаа бэлддэг туршлага, ирээдүйн чиг хандлагын талаар,
Латвийн Төрийн захиргааны сургуулийн захирал эмэгтэй, Латвийн төрийн албаны хүний нөөцийн бодлогыг, өнгөрсөн болон одоогийн байдлыг, мөн төрийн албан хаагчдаа хэрхэн бэлтгэдэг, сургалт, сургалтын хөтөлбөрүүдийнхээ талаар, ирээдүйд хаашаа чиглэж байгаа, ямар стратеги баримталж байгаа талаараа ярилаа.
Мөн Талент менежмент болон Төрийн албаны хүний нөөцийн ирээдүйн асуудлуудаар хэлэлцүүлэг өрнөлөө. Бас сонирхолтой хоёр илтгэл байсан нь, Тайваны болон Германы профессоруудын сонгон шалгаруулалтыг хэрхэн хийх, хүнээ хэрхэн зөв таних вэ гэсэн агуулгатай илтгэлүүд байлаа.
Нэг иймэрхүү хурал боллоо, маргааш дахиад хагас өдрийн хурал байгаа ч хичээлтэй учраас очихгүй ээ, уул нь Японы төрийн албаны том дарга ирж илтгэл тавиад, дараа нь Төрийн албаны хүний нөөцийн бодлогын талаар хэлэлцүүлэг болох юм.
Зуны амралт дуусаад, энд ирээд өнгөрүүлсэн хамгийн үр бүтээлч, ажил хэрэгч өдөр байлаа :P
Т. Энхбаяр
2016.10.04
Тайпей, Тайвань
No comments:
Post a Comment