Sunday, January 3, 2016

Тайваний ICDF-ийн тэтгэлгийн талаар

Энд,  Тайваньд ирснээс маань хойш хэд хэдэн хүн хэрхэн тэтгэлэг авсан талаар асуусан болохоор хэрхэн, яаж энд ирсэн тухайгаа бичихээр шийдсэн бөлгөө. Оноос өмнө, тэтгэлэг зарлагдахаас өмнө бичээд постлоно гэж бодож байсан боловч, бодсоор байгаад он гаргачихжээ  :).
Миний хувьд өнгөрсөн жил буюу 2015 онд Тайваний ОУ-ын хамтын ажиллагаа, хөгжлийн сангийн тэтгэлэг Taiwan ICDF Higher Education Scholarship Program болон Солонгосын засгийн газрын тэтгэлэгт (KGSP Korean Government Scholarship Program) тэнцсэн билээ. Хоёр тэтгэлэгт тэнцэх чинь тэнцээгүй байхаас илүү хэцүү юм билээ :P Гэхдээ энэ өөр түүх учраас дараа бичих болно оо. 

Энэ удаа ICDF –ийн буюу Тайваний, яг одоо өөрийнхөө авч байгаа тэтгэлгийн талаар, бас яаж яваад нэг юм тэнцсэнээ бичье ээ. Ямартай ч зүв зүгээр байхад минь тэнгэрээс тэтгэлэг буугаад ирээгүй,  бага биш хичээл зүтгэл орсон гэдгийг хэлмээр байна.
Орон нутагт арван жилээ төгссөн, сайн англи хэлтэй биш, багаасаа англи хэл сайн сурах ёстойгоо мэдээгүй ойлгоогүй явсан, дээрээс нь бакалавраа нойлын ногоон төгссөн над шиг хүн хэрхэн бүрэн тэтгэлэгт тэнцсэн талаараа хуваалцахаар шийдлээ.
ICDF-ийн тэтгэлэг нь очих болон төгсөөд ирэх онгоцны зардал, сургалтын төлбөр, даатгал, сар бүрийн амьжиргааны зардал, оюутны байр, мөн сурах бичиг, сургалтын материалын зардалыг (тэнхимээс нэгдсэн журмаар захиалах фудволк, тэнхимийн үдэшлэг, Талархалын баярын оройн хоол гэх мэт жижиг жижиг зардалуудыг ч төлдөг. Бас хэвлэх зардалыг хүртэл) төлдөг бүрэн тэтгэлэг. Ирээд мэдсэнээр бол энэ тэтгэлгийг Тайваний дипломат харилцаатай орнуудын оюутнуудад түлхүү олгодог. Жишээ нь: Гондурас, Бэлиз, Никарагуа, Африкийн зарим жижиг орнууд гэх мэт. Эдгээр орнууд нь Тайванийг тусгаар улс байх ёстой гэж үздэг, гадаад бодлогоороо Тайваний тусгаар тогтнолыг дэмждэг орнууд бөгөөд эдгээр орны оюутнууд маш олон байдаг. Монголын хувьд “нэг Хятад” гэдэг бодлого баримталдаг учраас Тайваний элчин сайдын яам Монголд байдаггүй, зөвхөн төлөөлөгчийн газар байдаг. Тиймээс жилд Монголоос 1-3 хүн л тэнцдэг. Тэгэхээр Тайваний элчин сайдын яам байдаг орнуудаас олон оюутан энэ тэтгэлгийг авдаг мөн эдгээр орнуудад энэ тэтгэлгийг авах тийм ч хэцүү биш гэнэ лээ, манай ангийнхны хэлж байгаагаар.
Тэтгэлгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://www.icdf.org.tw/ct.asp?xItem=12505&CtNode=30491&mp=2 хаягаас авч болно. ICDF Higher education scholarship program гээд хайвал олдоно. Яг одоо зарлагдчихсан байгаа ба материал хүлээж авах хугацаа 3 сард дуусна.
За одоо би энэ тэтгэлэгийг хэрхэн авсан бэ?
Ямартай ч миний Тайваньд сурах мөрөөдөл 2013 оноос эхэлсэн ба би тэр үеэс сургуулиуд судлаж эхэлсэн. Эхний сургууль маань манай найзын сурдаг сургууль байсан ба эхний удаа apply хийгээд би тэнцээгүй ээ :D Дараагийн семестерээс нь өөр сургуулиуд хайж эхэлсэн ба Тайваны олон сургуулийн сайтыг нэг бүрчлэн ухаж үзэхэд би хэтэрхий залхуу учраас, яг өөрийнхөө сурахыг хүсч байгаа чиглэл, хөтөлбөрөө тодорхойлоод, яг тэр чиглэлээр маань хөтөлбөр санал болгох сургуулиудыг хайж эхэлсэн. Тэр үед би “Сэтгэл судлал”-аар, англи хэл дээр, мастерийн хөтөлбөр хайж байсан ба миний хүсэлд нийцсэн, англи хэл дээр сургалт нь явагддаг 2 сургууль олоод, нэгэнд нь өргөдөл гаргасан. Нөгөөх нь тухайн семестэрт өргөдөл хүлээж авахгүй байсан билүү, яасан билээ, материалаа явуулаагүй л юм даг.
Тэр сургуульдаа тэнцээд, сургуулийн, сургалтын төлбөрийн тэтгэлэг авсан. Гэхдээ л онгоцны болон амьдрах зардалаа өөрөө гаргахаар байсан ба надад тийм хэмжээний мөнгө байгаагүй. Одоо ч байхгүй :). Тэгээд яваагүй.
Сургуульд өргөдөл гаргах процесс семестер болгонд нэг л явагдах болохоор хажуугаар нь миний амьдрал үргэлжилж байсан гэдгийг хэлмээр байна ккк. Би сэтгэл судлалаар МУИС-д магистерт сурдаг байв.
2014 онд ICDF-ийн тэтгэлэгт, яг одоо сурч байгаа сургуулийнхаа яг энэ хөтөлбөрт өргөдөл гаргаад материалаа явуулсан боловч сургуульдаа ч, тэтгэлэгтээ ч тэнцээгүй
 Тэгээд 2014-2015 хүртэлх хугацаанд би магистертаа сурангаа ажлаа хийж байгаад 2015 онд дахин өргөдөл гаргасан. Тэр үед би магистераа төгсөх болчихсон бас яг мөрөөдлийнхөө ажлыг хийж байсан ба материал бүрдүүлэх, өөрийгөө илэрхийлэх, яагаад сурах гээд байгаа, яагаад надад тэтгэлэг хэрэгтэй байгаа, би Монголд юу хийх гээд мөрөөдөөд яваад байгаагаа гайгүй илэрхийлэх боломжтой болсон байлаа,кк.
Энэ тэтгэлэг жил бүрийн 1 сард зарлагдаад, 3-р сард материал хүлээж авах хугацаа нь дуусдаг. Мөн тодорхой сургуулиудын тодорхой хөтөлбөрүүдийг заагаад өгчихсөн байдаг ба тэтгэлэгт материалаа өгөөд бас давхар сурахыг хүсч байгаа сургуульдаа apply хийж, шаардлагатай материалуудыг бүрдүүлж явуулах ёстой байдаг.
Хэрвээ материалаа бүрдүүлээд өгчихсөн бол 6 сард хариу гартал хүлээх ёстой. Голоор нь элдэв ярилцлага шалгалт байхгүй. Материалаа явуулаад мартчихад болно :P Миний хувьд угаасаа өмнө нь унасан туршлагатай хүн чинь 2015 онд материалиа бүрдүүлж өгөөд л мартчихлаа.
Аа харин сургуулийн хувьд мэйлээр тогтмол харилцаатай, миний материал очсон эсэх, дутуу зүйл байгаа эсэх, яасан ийсэн, яаж байна ийж байна гээд байнга имэйл шидэлцээстэй. Тэгээд 5 сард сургуульд тэнцсэн эсэх хариуг гардаг. Өнгөрсөн 5 сард сургуульдаа тэнцчихээд магистерийн ажлаа бичингээ тэтгэлэгээ хүлээгээд л байсан.
Тэгээд л нэг юм, магистераа төгсөөд, хонхны баяраа хийчихээд, бас дээрээс нь Солонгосын тэтгэлэгт тэнцчихсэн, бараг л Солонгос явахаар шийдчихээд байсан 6 сарын 13-14нд шилжих шөнө, гэртээ (Дундговийн Хулдад), нойр хүрэхгүй хэвтэж байсан чинь гэнэт ICDF-ийн сайтыг шалгамаар санагдаад (тэтгэлгийн хариу 6 сарын 15нд гардаг).Тэгээд орсон чинь тэтгэлийг дүн гарчихжээ. Тэр олон жагсаалтаас Монгол гэсэн үг хайгаад, олоод, Монголын ард өөрийнхөө нэрийг хараад л тэтгэдэг авсанаа мэдсэн :D

Тэгээд хамгийн чухал хэсэг: Яаж тэтгэлэг авах вэ? 
Өөрийгөө зөв илэрхийлэх, чиний хүсч зорьж байгаа зүйлтэй чинь өдийг хүртэл явсан зам чинь холбоотой байх ёстой, зорилгынхоо төлөө жижиг гэлтгүй алхам хийсэн гэдгээ харуулах хэрэгтэй. Тэгээд л болоо. 
Энд ирээд, олж мэдсэнээр, сургуульдаа тэнцчих юм бол ICDF- ийн тэтгэлэгт тэнцчихээр юм байна лээ шүү. Бодлого нь сургууль дээрээ төвлөрдөг. Сургуулийн шийдвэрийг иэхвчлэн харгалзана гэсэн үг.

Бас материал бүрдүүлэх тал дээр гэвэл, тэнцэхгүй ч байсан материалаа бүрдүүлээд явуулаад л бай. Бүрдүүлэх бүрд өөр болоод сайжраад л явах болно. Шаардлагатай материалуудыг бүгдийг нь бүрдүүлэх ёстойг надаар хэлүүлэлтгүй бүгд мэдэж байгаа байх. Мөн материалаа хугацаа дуусахаас ядаж 2 хоногийн өмнө бүрдүүлж өгөөрэй. Тэтгэлгийн сайт дээр бүрдүүлэх материалын жагсаалтанд байгаагүй зүйлийг Төлөөлөгчийн газар шаардаж магадгүй. Тиймээс нөөц хугацаатай байх хэрэгтэй.
Тэтгэлэгт онлайнаар бүртгүүлнэ, тэгээд application form- оо хэвлээд, бусад материалуудаа бүрдүүлээд Тайваний Төлөөлөгчийн газар өгөх ёстой. Бүрдүүлэх материал дотор нэг ярвигтай, цаг, мөнгө шаардсан зүйл бол Эрүүл мэндийн хуудас. Баахан шинжилгээ өгч, бас вакцин хийлгэж байж бөглүүлээд, эмнэлгээрээ тамгалуулаад өгөх ёстой. Уул нь нэг удаа эрүүл мэнддээ анхаараад шинжилгээ өгчихөд буруудах зүйлгүй ч, зүүнээс айдаг над шиг хүнд, 2-3 өдөр эрт босч эмнэлэг явах төвөгтэй байсаан. Халдварт дээр цээжний рентген зураг, вакцинаа хийлгэчихэд хямд, харин шинжилгээнүүдээ Гялс дээр өгчихвөл хурдан, бас хялбар байдаг. Гялсаар бөглүүлэх ер нь амар. Эхний жил би Халдварт, 1-р эмнэлгээр яваад, эрүүл мэндийн хуудасны хэсэг тус бүр дээр нэг нэг эмч дээр очоод, оочирлоод, бүх гарын үсгийг нь цуглуулаад, эцэст нь нэг том эмчээр тамгалуулах гэж хүлээгээд бөөн юм болсон. Хайран цаг. (Би тэр үед зөвхөн улсын эмнэлгийн тамгатай эрүүл мэндийн хуудсыг хүлээж авдаг гэж ойлгоод тэгж их цаг, ажил удсан хэрэг. Гялсын тамгатай хуудас болно)

Бас сургуульд, тэтгэлэгт тэнцэхгүй байлаа гээд сэтгэлээр унаж, санаа зовох хэрэггүй. Хүсч байгаа л бол хэзээ нэгэн өдөр тэтгэлэг авах л болно. Тэгээд ч тэтгэлэг авахгүй байлаа гээд БИ /чи/ ҮХЧИХГҮЙ. (Хаха, сайн биш зүйл тохиолдох бүрт бодож, хэлж өөрийгөө сэргээдэг үг маань)

Дээрээс нь одоо Тайваний сургуулиуд олон улсаас оюутан авах асар сонирхолтой байгаа. Яагаад гэвэл төрөлтийн бууралтаас болоод сургуулиуд хангалттай хэмжээний оюутан элсүүлэх боломжгүй болж байгаа. Тиймээс тэтгэлэг санал болгох, эхний жилийн төлбөрөөс чөлөөлөх гэх мэт олон боломж санал болгож байгаа. Гэхдээ хамгийн гол нь эхний жил сургуулийн тэтгэлэг авчихаад дараа жил авна гэдэг жаахан асуудалтай юм байна лээ шүү, хүмүүсийг харж байхад . Тиймээс санхүүгийн асуудлаа сайн төлөвлөх хэрэгтэй.

 (Бусад мэдээний сайт шиг тэтгэлгийн талаарх бүх нарийн мэдээллийг, алхамыг орчуулж оруулаагүйд УУЧЛААРАЙ. Сайт руу нь ороод уншчихад бүх мэдээлэл, маш ойлгомжтой байгаа)

5 comments:

  1. Та ёстой мундаг юмаа би таны фэн, та яг тэнэг хүн шиг хаха

    ReplyDelete
  2. бизнэсээр суралцахад ерөөсөө өгдөггүй гээд байсан арын хаалганы хүүхдүүдээ бол өгдөг л юм даа

    ReplyDelete
  3. Тайваний худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газар гэж бөөн арын хаалга хахуулны газар

    ReplyDelete
  4. Тайваний худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газар гэж бөөн арын хаалга хахуулны газар

    ReplyDelete
  5. бизнэсээр суралцахад ерөөсөө өгдөггүй гээд байсан арын хаалганы хүүхдүүдээ бол өгдөг л юм даа

    ReplyDelete