Wednesday, January 27, 2016

Тайвань айлд зочилсон нь буюу Миаоли зорчсон тэмдэглэл-1

Судалгааны арга зүйн хичээлийн сүүлийн даалгавраа хийж явуулчихаад, шууд амралтаа эхлүүлсэн тэр сайхан өдөр 2016 оны 1 сарын 21 байлаа, кк.

Би өрөөндөө хоёр Тайвань охинтой амьдардаг юм. Нэгийг нь Лулу, нөгөөг нь Лиза гэдэг. Лулу Тайваний арлын бараг төв хэсэгт, төв хэсгээс жаахан хойд талд нь байдаг Миаолигоос, Лиза Тайнан буюу Тайваний урд хэсгээс ирсэн. Нэг нь надаас дүү, нөгөөх нь хэд эгч. Лиза мангар унтамхай, өглөө сэрүүлэг тавина, тэрийгээ хойшлуулаад л, хойшлуулаад л босч өгөхгүй. Тэгээд утас нь дуугарна, ангийнхан нь, найзууд нь залгана, авахгүй таслаад л байна, таслаад л байна. Тэгээд гэнэт сандарч босоод хамаг юмаа түчигнүүлж түчигнүүлж гарна. Эсвэл тэр чигтээ унтана хаха. Эхний сэрүүлэг, дараагийн сэрүүлэг, утас нь дуугарах гээд тэр болгонд нь би сэрнэ, хэт соргог юм болохоороо. Тэрийг эс тооцвол бид гурав амар сайхан амьдардаг аа.

За тэгээд миний санаачлагаар, тэр хоёрын нутгаар аялахаар шийдэв ээ бид гурав. Эхний төлөвлөгөөр Миаолид хоёр хоноод цаашаа Тайнан явж хоёр хонохоор төлөвлөсөн байсан боловч, Лизагийн гэрийхэн цагаан сард бэлдэж гэрээ цэвэрлэнэ гээд, кк, тэгээд Тайнан явахаа 2 сарын сүүл хүртэл түр хойшлуулсан билээ л.
Бас голоор нь цаг агаар хүйтрэх нь, бороотой байх нь, гүзээлзгэнэ түүж идэж чадахгүй нь, аялалаа хойшлуулья гэсэн санаачлага гарсан боловч, Энхбаярын маш том хүчин чармайлтаар аялалаа хойшлогдохоос аварч чадлаа, :D
За ингээд Миаоли явлаа, хурдан галт тэргээр. Лиза Тайнанаас, би Тайпайгаас очоод, Лулу, Лулугийн аав, ээж тосч авсанаар аялал эхлэв.

Аялалын ерөнхий төлөвлөгөө:
Өдөр 1: Хакка үндэсний байшин үзэх
Өдөр 2: Гүзээлзгэнэ түүж идэх, Халуун рашаанд орох, Дүпүний гудамж орж дүпү идэх, Шөнийн зах орж алдартай, амттай хоол идэх
Өдөр 3: Хакка үндэсний цай хийж уух, Модон урлалын музей үзэх. Ийм байсан.

Лулугийн аав Хакка хүн. Миний ойлгож байгаагаар, Хакка гэдэг нь хятадын нэг ястан шиг байгаан. Монголд, Халх, Урианхай, Торгууд гэдэг шиг л. 
Тайваний хүн ам дотор бол хоёр дахь том ястан (ethnic group) нь. Хятадаас нүүдэллэж ирсэн хүмүүс бөгөөд Han Chinese гэж хэлдэг, Шар мөрөн хавиас гаралтай. Өөрсдийн Хакка хэлтэй (хятад хэлний бүлэгт хамаарах), бас соёл, хөгжим, зан заншилтай. Википедиагийн хэлж байгаагаар дэлхий даяар 80 сая орчин хакка хүн байдаг гэнэ лээ.
Миаолид маш олон Хакка хүн амьдардаг. Тийм болохоор бидний үзэж харах зүйлс ихэвчлэн Хакка-тай холбоотой байлаа. Миний хувьд хамгийн чухал зүйл нь "Гүзээлзгэнэ түүж идэх". Миний мөрөөдөл, би аль дээрээс л гүзээлзгэнэ түүж идэхийг мөрөөддөг байсан, 2014 оноос хойш "Хүслийн жагсаалт"-нд минь байсан боловч ярьсаар байгаад чадаагүй :(
Хакка үндэсний байшин:
Hakka Yuanlou
Хакка ресторанд хакка хоол идсэн нь:



Ингээд маргааш өглөө нь Лулугийн машинтай хөдлөлөө. Энд автобус бараг явдаггүй, хүмүүс нь машин эсвэл скүүтэр л унадаг. Скүүтэр нь Тайпай шиг олон биш. Ихэвчлэн л машин. Гэхдээ зам нь бөглөрөлгүй. Өглөөний хоол идэх гэж барах 6-7км явна. Тосгон гэхиймуу, сууринууд нь хол хол зайтай. Гүзээлзгэний төлөө л гэхэд бараг 40км явж байгаа юм. Зам сайхан, дээрээс нь өөрсдөө машинтай байсан болохоор асуудал байгаагүй л дээ. Тэгээд уулан дээрх халуун рашаан, дүпүний гудамж гээд явж өгнө.


Гүзээлзгэнэ: Дахү (Dahu) гэдэг газар. Жинхэнэ гүзээлзгэний орон. Эргэн тойрон гүзээлзгэний талбай. Ингэж түүгээд, жинлүүлээд, мөнгөө төлөх ёстой. (Яахав, мөрөөдөл минь хальт биелэсээн. Би уул нь Монголдоо, гүзээзгэнэтэй уулруу алхаж гараад, гүзээлзгэнээ хайж олоод, тэгээд түүгээд л идээд л түүгээд ч идээд явахыг хүсдийн, кк. Гэхдээ яахав биелүүлчихнээ дараа.) 

 





Дүпүний гудамж (Qing'an Tofu street) ороод, дүпүнд дуртай болчихоод ирсэн. Төрөл бүрээр амталж бэлддэг юм байна лээ. 




Энэ хамгийн гоё амттай нь. Хар дүпү

Замд таарсан уулын гүүр:


Гүүрэн дээр
 Уулан дээр байдаг Халуун рашаанд орсон. Цэвэр байглийн рашаан, гэхдээ гадаа биш, дотор. 
 Нас насны, өөр өөр хэлбэр галбиртай эмэгтэйчүүдийг шав шалданаар нь харах цаг хаха. Лулугийн ичилтээ давж гарах үе. Лизагийн хувьд аялалын гол эвэнт нь. хаха. Лулу ганцаараа, дан танихгүй хүмүүстэй хамт халуун рашаан ордог. Найзуудтайгаа хэзээ ч хамт ордоггүй. Ичээд байдаг гэсэн. Лиза бол халуун рашаанд шав шалдан, тэгээд олон хүнтэй хамт орж үзээгүй, гэхдээ ичихгүй гэсэн. Би ч бас адил. Гэхдээ надад ээжтэйгээ, нагац эгч, үеэлтэйгээ саунд шалдан орсон бас халуун рашаан усны хувцастай орсон туршлага бол байгаа л даа. 
Ер нь бол ичээд байх юу байдын, дан эмэгтэйчүүд байхад тэ. Тэгээд ч төгс бие галбир фотошопд л байдаг байх. Харин бид нар бол "real women".

Лиза, Халуун рашааны гадаа



Халуун рашаанаас гарч ирээд байж байгаа нь.
 Ёстой царайлаг хүмүүс шүү :D

За халуун рашаанаас гараад буцаад Миаоли хот руу явсаан. Тэнд очингуутаа шөнийн зах орж элдэв юм идэж туршсаар яваад харьсан. 
Эхний өдөр ер нь бол дандаа идсэн. Энэ ч гоё, энэ ч алдартай, энэ үндэсний ийм юм, энийг туршиж үз, энийг амсах ёстой гэж явсаар байгаад, сүүлдээ "идэхээс ядарсан".

Эхний өдөр иймэрхүү. Би ер нь нуршаад байх шиг байна. Үргэлжлэлийг нь дараа бичихээс, тэгэхгүй бол залхуу хүрээд байна.

Wednesday, January 20, 2016

Энхбаяр Carrefour-ийн Customer service-ийг шалгасан нь

Хамгийн эхэнд нь: Carrefour бол сүлжээ дэлгүүр,Walmart, Costco шиг, хэрвээ мэдэхгүй хүн байвал :)

Заа, энд ирээд ер нь бол миний амттаны дуршил их буураад байгаа билээ :P, кк. Монголд гоё харагдаад байдаг чихэрнүүд энд ер гоё харагдахаа больсон. (Жич: дуршил багассан гэдэг нь амттанд дургүй болсон гэсэн үг биш бөлгөө.)

Нэг өдөр хичээл дээр, манай ангийн Франц залуу нэг цэнхэр цаастай печень өгсөн юм аа, өгсөн ч гэж бүгд хуваагаад идсийн. Тэр цагаас хойш тэр нэг шоколадтай печеньд "дурлачихлаа"... Хичээл тарж ирээд бодоостой, за байз ямар бичигтэй байлаа, ямар цаастай байлаа, Ямар ч байсан Carrefour гэж байсан. Carrefour орвол олдох байх. Хэзээ Carrefour явах уу, яаж явах билээ, хамгийн ойрхон Carrefour хаана билээ. Түмэн юм бодоостой, хэд хоног нөгөөхөө бодож явлаа ш дээ.
Тэгээд нэг нартай өдөр Carrefour ороод, "дурлалт залуу"-гаа ч олсон. Тэр цагаас хойш, стипенд буусан үеэр Carrefour ороод байдаг болсон юм аа. Энэ печений төлөө очно, гэхдээ бусад хэрэгтэй зүйлээ бас авчихдаг л даа.

Миний дурлалт хархүү:

Энэ бол оршил байлаа. Одоо үндсэн хэсэг.

Сая, 1 сарын 11нд Carrefour явлаа, хэдэн юм авахаар, бас дуртай печень-ээ ч авахаар. Сургуулийн хоёр Монгол маань Монгол буцах гэж байсан учраас, гэрлүүгээ хэдэн юм явуулах санаатай, дүүдээ өөрийнхөө дуртай, гоё печень явуулах гээд хэд хэдийг авсан юм аа.
Тэгээд печень-ээ авах гэсэн чинь хугацаа нь 01.04.2016 гэж байсан юм. Би хугацаа нь 4 сард дуусах юм болов уу, 1 сарын 4нд дуусчихсан юм болов уу, хугацаа нь дууссан бол тавиур дээр баймааргүй юм гэж эргэлзээд касс дээр нь очиж тооцоо хийхдээ асуулаа. Касс нь намайг ойлгодоггүй ээ. Тэгэхээр нь хажууд байсан залууг орчуулаад өгөөч гэсэн чинь,
"хэрвээ хугацаа нь дууссан бол тавиур дээр байх боломжгүй" ( тэр залуу кассчин эмэгтэйгээс асуусан эсэхийг нь би санахгүй байгаа) гэхээр нь, тийм дээ, хугацаа нь дууссан бол хураагаад авчихсан байх биз гэж бодоод авчихлаа.

Тэгээд эхний печенийг би сургуулийнхаа хоёр Монголтой хамт идсэн юм. Задалсан чинь хайлчихсан нэг их сайхан харагдаагүй л дээ. Тэгээд би хугацааг нь асуусан юм чинь гэж бодоод, бас тэр хоёр "жаахан хайлчихсан л байна" гэхээр нь юм бодсонгүй идчихлээ.


За тэгээд гэрийнхэндээ 2ийг явуулчихаад, сая бүтэн сайнд өөртөө үлдсэн нэгийгээ идэхээр шийдээд задлав аа. Тэгсэн чинь бас хайлчихсан, ёстой муухай, яг л хугацаа нь дууссан юм шиг харагдсан. Тэгээд юун идэх, шууд хогийн сав руу :( 
Тэгээд л хугацаа нь дууссан печень авчихаж гэдэгтээ бүрэн итгэлтэй болоод, уур хүрээд, гэрийнхэнд маань ийм муухай печень очиж байгаа, бас би нэг найздаа бэлэглэсэн болохоор тэр бас намайг муухай болсон печень өгсөн байна гэж болож байгаа байхдаа, гэж бодохоос муухай санагдаад. Тэгээд хогийн уутнаасаа печень ээ гаргаж ирж байгаад, зургийг нь аваад, Тайваний
Carrefour-ийн вэб рүү нь орж байгаад гомдол бичлээ ээ. "Танайхаас би тэдэнд тийм юм авсан, кассчин эмэгтэйгээс асуусан, намайг ойлгоогүй, тэгээд печень ийм байсан, би зургийг нь авсан, гэхдээ энд чинь аплоод хийх товчлуур алга бла бла"

Тэгсэн чинь нэгдэхь өдөр над руу залгаж байна аа,Сarrefour-оос. Уучлаарай, зургуудаа явуулах боломж байна уу, энээ тэрээ. Тэгээд имэйл хаяг өгөхөөр нь зургуудаа явуулсаан, мэйл сервер нь мэйл хүлээж авах боломжгүй гээд буцаж хариу ирээд байдаг. Тэгэхээр нь ФБ хуудсыг нь хайж олоод, зурагнуудаа явуулаад, хэрэглэгчийн үйлчилгээний төв рүүгээ хэлээд өг, мэйл чинь ажиллахгүй байна бла бла...

За тэгээд, ядаж ядаж тэд нар зурагнуудыг минь хүлээж аваад, залгаад, уучлалт гуйгаад, надтай уулзаж, авсан печений минь мөнгийг авчирч өгнө гэлээ. Намайг уулзах боломжтой хугацаа, бас хаягаа өгөөч гэсээн.

Тэгээд өнөөдөр дэлгүүрийн менежер нь, хоёр ажилтантайгаа ирээд, би уулзчихаад ирлээ. Печений мөнгийг минь өгч байгаан, дээрээс нь тор дүүрэн бэлэг. Бас "Уучлаарай, бид нар печенийг шалгасан, дуусах хугацаа нь 4 сард байсан. Гэхдээ тээвэрлэлт, цаг агаараас болоод, хайлаад, сахар нь гадагшилчихсан байна. Дараа дараагийн үйлчлүүлэгчид маань танд тохиолдсон шиг зүйл бүү тохиолдоосой гээд бид бүх дэлгүүрээсээ тэр печенийг эргүүлэн татсан. Ирэх сард шинээр ирэх байх, тиймээс та дуртай печень-ээ ирэх сар болтол аль ч дэлгүүрээс авах боломжгүй байгаа шүү" гэнэ ээ.
 Бас"касс маань англиар ярьдаггүй байсанд уучлаарай. Бид хэрэглэгчдэд туслах мэдээллийн булан нээсэн, тэнд ажиллах ажилтан англиар ярьдаг, хэрэглэгчдийн асуултанд хариулж ажиллах болно" гэнээ. Дээрээс нь "Хэзээ ч хамаагүй, залгаж, мессеж бичиж болно, бас Carrefour орохоороо уулзаж байгаарай, туслахдаа бэлэн байх болно" л гэж байна шүү :)

Ингээд би гэж нэг "Халхын цуутай заргач" :P , бүхэл бүтэн дэлгүүрийг хөдөлгөөнд оруулаад, шинэ үйлчилгээ хүртэл нэвтрүүлүүлээд байна даа.

Сүүлдээ санаа зовоод, хүмүүст бөөн төвөг удаад, хүмүүс "бөндөгнөөд" байхаар хэцүү санагдаад, өөрийгөө буруутай юм шигээр мэдэрлээ ш дээ кк. Би энүүгээр юу хэлэх гээд байна гэхээр Customer service ийм байдаг байх нь.(Манай Монгол хэзээ ийм болох болоо!!!)

Хамгийн гоё хэсэг нь:
Миний бэлгийг харах уу??? Тэр том шар хайрцагтай печень нь Тайваний их алдартай, хайнд-мэйд күүки юм гэсэн.




Урангоод: Би чамд өгөхгүй, ганцаараа бүгдийг нь иднэ. Тиймээс, надаа авчраарай энэ тэр гэсэн юм сонсмооргүй байна :P


Tuesday, January 5, 2016

Солонгосын засгийн газрын тэтгэлэг KGSP

Солонгосын засгийн газрын тэтгэлгийг хувьд би өнгөрсөн 2 сард МУИС-ийн сайтаас олж уншсан юм. Хэдэн жилийн өмнө би энэ тэтгэлгийг сонирхож байсан ч миний дипломын голч наад захын шаардлага хангахааргүй байсан. Нойлын ногоон байсан гэж хэлсэн дээ, хаха

Харин өнгөрсөн хаврын хувьд би МУИС-д Сэтгэл судлалаар мастераа дуусах гэж байсан учраас, бас онц дүнтэй, дээрээс нь сургууль, тэтгэлэгт бэлтгэсэн материал хангалттай байсан учраас зүгээр л apply хийгээд үзэхийг хүссэн юм.

Солонгосын Засгийн газрын тэтгэлэг бас л бүрэн тэтгэлэг, гол онцлог нь бүтэн жилийн хэлний бэлтгэлтэй. Бүтэн нэг жил солонгос хэл сурч байгаа гээл, зүгээр мөнгө аваад байгаад байна гээд боддоо. Гоё байгаа биздээ хаха.

За Солонгосын Засгийн газрийн тэтгэлэг миний мэдэхийн 2 янз бий, нэг нь Graduate(магистер, доктор), нөгөө нь Undergraduate (бакалавр). Graduate нь оны эхэнд (2 сард) зарлагдаад 3 сарын эхээр материал хүлээж авах хугацаа (deadline) нь дуусна, нөгөө нь 10 сар орчим зарлагддаг.
Энэ тэтгэлэгт хоёр янзаар өргөдөл гаргаж болно. Нэг нь шууд сургуулиа сонгоод өргөдөл гаргах. Нөгөөх нь элчин сайдын яаманд өргөдөл гаргах. Сургуульд өргөдөл гаргавал НЭГ л сургуулийн НЭГ л хөтөлбөрийг сонгоод тэрэндээ апплайядах хэрэгтэй. Харин элчин сайдын яаманд гаргаж байгаа бол ГУРВАН сургуулийн нэг нэг хөтөлбөр буюу ГУРВАН хөтөлбөр сонгох боломжтой.

Миний хувьд элчин сайдын яаманд материалаа бүрдүүлж өгсөн. Баахан материал бүрдүүлнэ, нотериат, канон, скан, хэвлэх, хувилах гээд ажиллагаа ихтэй. Тэрнээс гадна дотор нь юу бичих үү гэдэг их чухал. Бүр ирээдүйд хийх судалгааны ажлын чиглэлээ хүртэл тодорхойлж явуулах ёстой. Бас тодорхойлолт захиа, байгууллагын тодорхойлолт гэх мэт. Энэ талаар, хэрхэн, яаж материалаа бүрдүүлэх, мөн тэтгэлгийн талаар, процессуудын талаарх бүхий л мэдээллүүдийг агуулсан Guideline  www.studyinkorea.go.kr  сайт дээр гаргаад өгчихчихсөн байдаг. Тиймээс зааварын дагуу материалаа бүрдүүлэх хэрэгтэй. Англи дээр эсвэл Солонгосоор.

Миний хувьд, би ажлаа хийнгээ ICDF-ийн болон KGSP-ийн материалаа нэг нэгээр нь бэлдээд л байсан. Тэгээд нэг өдөр, 2 сарын 26 нд байхаа, Солонгос элчин рүү залгаад асуусан чинь материал хүлээж авах хугацаа нь 3 сарын 6-нд дуусна гээд, би болохоор 3 сарын 30-нд дуусна гэж бодчихсон байсан L. Тэгээд л гялалзуулсан даа. Хамгийн гол нь МУИС-ийн сайт 30-нд дуусна, www.studyinkorea.go.kr  сайт дээр  элчин сайдын яамнаас хугацааг зарлана гээд биччихсэн. Монгол дахь Солонгосын элчин сайдын яамны сайтан дээр мэдээлэл байдаггүй. Тэгээд л МУИС-ийн сайт дээрх  3 сарын 30 гэснээр нь бодчихсон байсан чинь буруу байсан байна лээ. Яаж нэг юм залгаж асуух “шилдэг” санаа төрсөн юм, кк.
Гэхдээ бүүр сүүлд нь харахнээ Солонгосын элчингийн вэб дээр, солонгос хэл дээрх хэсэгт нь байсан байна лээ. Солонгос хэл түй ч мэдэхгүй хүн чинь юу гэж тэр лүү нь орж харах вэ дээ :P Бүүр өнгөрсөн хойно, материалаа бүрдүүлж өгснийхөө дараа Google Translate ашиглаж болдгийг санасан, хаха.

Тэгэхээр юуны түрүүнд мэдээллийн үнэн бодит байдлыг нягтлах, баталгаатай сурвалжаас мэдээлэл авах маш чухал!!!

За тэгээд яаран яаран материалаа бүрдүүлээд 4 дэхь өдөр (5 дахийн 5 цагт deadline дуусна) Солонгос элчин орлоо, цайны цагийн дараах ажлаасаа чөлөө аваад, замаараа нотариат ороод, бөглөрөн, түгжрэн явсаар очтол... элчингийн цайны цаг таараад L, гадаа нь баахан хүлээгээд, тэгээд нэг юм ортол, ...бас нэг зүйл мартсан байв, Энхбаяр L.

Би бүх материалаа нэг л хувь бүрдүүлээд оччихсон, тэгтэл оригналь хувь, тэрнийхээ 3 хувь хуулбар (copies)-ыг бэлдээд тус тусад нь дугтуйлаад, тэр 4 хэсэг материалаа нэг том дугтуйнд хийж хүлээлгэж өгөх ёстойгоо мартжээ. Уул нь Guideline дээр байсан юм.
За тэгээд буцаад бөглөрөн, түгжрэн ажил руугаа яваад, ажлаа тарангуут бөөн канон сканы ажил эхэлж байгаа юм. Ажлынхаа принтер, скайнер, цаасыг зөндөө ашигласан, кк (Манай ажлынхаан, уучлаарай, би ажлын цаас, принтерийг хувийн зорилгоор ашиглан шамшигдуулсан хөөөн :D).
За тэгээд маргааш нь бүх зүйлээ жин тан болгоод дахиад явлаа, Солонгос элчин рүү. Тэнд нэг харуул ахыг өчигдөр нь танидаг болчихсон, бас дугаар авчихсан байсан болохоор өөдөөс нь сайхан гэгч нь инээж байгаад оочир дайраад материалаа өгчихөж байгаа юм, хаха. Царайлаг төрөх заримдаа тус болдог шүү :P.

За тэгээд материалаа өгсөн, одоо боллоо гээд мартчихлаа, нэг хэсэг.

Тэгээд хэд хоногийн ч дараа билээ, Солонгос элчингээс залгаж байна аа. Ирж ярилцлаганд ор гээд. Тэгээд очлоо. Угаасаа Монголоос 5 хүн тэнцүүлнэ, тэр тооноос 3 дахин их хүн бичиг баримтны шалгаруулалтанд тэнцэх ёстой талаар Guideline-аас уншсан байсан болохоор,  бүрдүүлсэн материал маань шилдэг 15-д шалгарсанд баяртай байлоо.
За тэгээд ярилцлаганд орохоор хүлээж байгаа хүмүүстэй уулзлаа, танилцлаа. Бүгд л Солонгос хэлээр төгссөн хүмүүс, солонгосоор ярилцлаганд орно гээд. Би тэнд ганцаараа англиар ярих юм байхдаа гэж бодоод л, сандрах гээл, сандрах гээл, ккк.
Тэгээд эхэнд орсон хүмүүс гарч ирээд,  5 хөгшин, солонгос, эрэгтэй өөдөөс муухай хараад, хүмүүсийг сандраах гээд сууж байгаа тухай мэдээ хэлж байна аа. (Ий, би одоо яаана аа)
Тэгээд, миний ээлж болохоор нь өөрийгөө тайвшруулах гэж бөөн том смайл царай гаргаад л ороод явчихлаа. Гэхдээ ороод бол аймаар байгаагүй ээ. Солонгос хүмүүстэй англиар ярих амар юм байна лээ :P. Адилхан second language нь болохоор. Хамгийн эхэнд нь нэг нүдний шилтэй хүн, намайг их “сонирхолтой” өргөдөл гаргагч байсан талаар хэлсэн. Тэгээд л миний өөртөө итгэх итгэл улам нэмэгдээд, дуржигнуулж байгаа юм чинь, ккк. Ямартай ч их л Happy ярилцлага болсон. Нөгөө аймаар хүн сандраах гээд байдаг хүмүүс бүгд над руу мишээж байсан, мишээсээр үлдсэн.
Тэгээд л бөөн баясгалантай амьтан гараад ирсэн чинь, элчин сайдын яамны ажилтнууд “хөөх, инээж гарч ирсэн анхны хүн” гээд. “Тэтгэлэгт тэнцвэл эргээд тааралдах юм байна бла бла” гээд нөгөө хальт таньдаг харуул ахтайгаа хэдэн үг солиод л миний ярилцлага дуусав.

За тэгээд ярилцлагадаа “мангар” сэтгэл хангалуун амьтан яваад л байлаа, гэхдээ өөртөө итгэлтэй байгаа хирнээ хариугаа сонсох хүртлээ бас эргэлзээстэй кк. Тэгтэл хэдэн өдрийн дараа Солонгосын элчингээс залгаад, “Ярилцлаганд тэнцсэн. Нийт  8 хүний материал шалгараад Солонгос явж байгаа. Гэхдээ нэр чинь 6-рт байна” гээд хэлж байна аа. Монголоос 5 хүн л тэнцэнэ гэсэн байсан болохоор нь лавлаад асуутал, “Өмнөх жилийн туршлагаас харж байхад 5-ийг авна гээд 7, 8-ууланг нь авах тохиолдол байдаг. Явахдаа бэлдээд байж бай” гэлээ, (юу ч тодорхой болоогүй байхад, юу гэж бэлдэж байхав, тэгж ч намба алдахгүй шүү, тэ :D).

Тэгээд Монгол дахь элчин сайдын яам 8 хүний материал Солонгос явуулна. Үүний дараа Солонгосын Боловсролын яамны харьяа, яг энэ тэтгэлгийг хариуцсан газар (NIIED) бичиг баримтын шалгаруулалт дахин хийгээд, 2-р шатанд тэнцсэн хүмүүсийн мэдээллийг  www.studyinkorea.go.kr  сайт дээр албан ёсоор зарладаг. 4-р сард шиг санагдаж байна.

За тэгээд  албан ёсоор 2-р шатанд тэнцсэн хүмүүсийн дунд миний нэр байсаан байсан. Гэхдээ болоогүй ээ, одоо дахиад шалгаруулалт эхлэнэ, ккк, төвөгтэй :P.
Санаж байна уу нөгөө, өмнө бэлдсэн 3 дугтуйтай бичиг баримтыг, тэр чинь одоо миний сонгосон 3 сургууль руу явна. Тэгээд сургууль бичиг баримтын шалгалт хийнэ. Бичиг баримтын шалгаруулалтанд тэнцвэл намайг ярилцлаганд урина. Ямар нэг профессортой нь skype-аар ярилцах ёстой.
Тэрний дараа, аль нэг сургуульдаа тэнцээд, эсвэл бүгдэнд нь тэнцээд, аль сургуульд сурахаа шийдээд, тэр сургуулийн тэр хөтөлбөрийг сонгож байна гэсэн хариу захиаг, эрүүл мэндийн хуудсын  хамт NIIED рүү явуулах ёстой. Эрүүл мэндийн хуудас болон сургууль сонгох хуудсыг цаанаас нь явуулдаг. Хэрвээ сургуульд тэнцээгүй бол тэтгэлэг авахгүй.

Миний сонгосон сургууль Iwha women’s university, KOREATECH, KDI School of Public Policy and Management байсан. Би гурвууланд нь тэнцсээн. KOREATECH бүр надад докторын хөтөлбөр санал болгосон ч надад доктор болох хүсэл байгаагүй, одоо ч байхгүй. Хэзээ нэгэн цагт тийм хүсэл төрж магадгүй, гэхдээ хэзээг мэдэхгүй.

За бас л эрүүл мэндийн хуудас. Үнэн ядаргаатай, ICDF-ийн эрүүл мэндийн хуудаснаас илүү олон асуулттай. Бүр мансууруулах бодисын шинжилгээ өгөх ёстой. Тэр шинжилгээг СЭМҮТ дээр л хийдэг. Бусдыг нь Гялс дээр хийлгэх хэрэгтэй, хурдан бас амар. Би ICDF-ийн шинжилгээний зарим үр дүнг энэ эрүүл мэндийн хуудсан дээр бас ашигласан болохоор харьцангуй хямд төсөр байсан (яг энэ үед байгууллага татан буугдаад, ажлаасаа халагдчихсан, ажилгүйдлийн тэтгэмжээр амьдран сууж, мастерийн ажлаа бичиж байсан би аль болох бага зардлаар эрүүл мэндийн хуудас гэх мэт элдэв ажлуудаа амжуулахыг хичээж байв :)).

За тэгээд эрүүл мэндийн хуудас, сургууль сонголтын хуудсаа явуулчихсан бол эцсийн хариу 6 сарын эхээр гарна. Гэхдээ сургуульдаа тэнцчихсэн бол энэ тэтгэлгийг авчихлаа л гэсэн үг.
Үүний дараанаас, ямар сургууль дээр хэлний бэлтгэл хийх үү, хэрхэн виз хүсэх үү, виз хүсэхэд хэрэгтэй материалууд гээд бүгдийг нь NIIED-ээс явуулж эхлэнэ дээ. 

Даанч би Солонгосыг сонгоогүй, цуцалчихсан. Ингэж цуцлах нь Монголд, дараа дараагийн тэтгэлэг авах хүмүүст хохиролтой (ингээд цуцлаад байвал, Монголд олгох тэтгэлгийн тоог бууруулах магадлалтай ). Бас би дахиж хэзээ ч энэ тэтгэлэгт apply хийх эрхгүй болсон бөлгөө.

За энэ ингээд миний явсан зам. ICDF-тэй харьцуулахад мянган шалгуур давж байж авсан тэтгэлэг. Гэсэн ч би Тайванийг сонгосон. Тайваньд ирээд, Солонгос явсан бол ямар байгаа бол гэж эхэндээ боддог байсан ч миний л сонголт учраас харамсахаа больсоон (гэхдээ гэнэт аймаар гунигтай санагдав, кк).

Аа, нэг чухал зүйл мартах гэж байна. Хэрвээ энэ зам хэцүү санагдаад байвал, зөвхөн нэг сургууль сонгоод материалаа бүрдүүлээд өгөөрэй. Зөвхөн сургуулийн шалгуурыг л давах ёстой болохоор харьцангуй хялбар байна байх. Бас зөндөө олон сургуулийн сонголт байгаа болохоор, өөрийнхөө тэнцэх боломжтой сургуулийг сонгож болно. Хамгийн томоос эхлээд хамгийн жижиг хүртэлх олон сургууль байгаа. Өөртөө тийм ч итгэлтэй биш байвал, нэг их том, нэр хүндтэй биш сургууль сонгочихгүй юу даа :D

Тэгээд энэ тэтгэлгийн хамгийн том давуу тал нь хэлний бэлтгэлтэй учраас, материалаа сайн бүрдүүлчихсэн байхад хэлэнд санаа зовох зүйлгүй, очоод сурчихна гэж бодоод бусдаас тусламж аваад материалаа бүрдүүлсэн ч болно. Гэхдээ сургууль бас ярилцагын шалгууртайг мартаж болохгүй шүү.


Sunday, January 3, 2016

Тайваний ICDF-ийн тэтгэлгийн талаар

Энд,  Тайваньд ирснээс маань хойш хэд хэдэн хүн хэрхэн тэтгэлэг авсан талаар асуусан болохоор хэрхэн, яаж энд ирсэн тухайгаа бичихээр шийдсэн бөлгөө. Оноос өмнө, тэтгэлэг зарлагдахаас өмнө бичээд постлоно гэж бодож байсан боловч, бодсоор байгаад он гаргачихжээ  :).
Миний хувьд өнгөрсөн жил буюу 2015 онд Тайваний ОУ-ын хамтын ажиллагаа, хөгжлийн сангийн тэтгэлэг Taiwan ICDF Higher Education Scholarship Program болон Солонгосын засгийн газрын тэтгэлэгт (KGSP Korean Government Scholarship Program) тэнцсэн билээ. Хоёр тэтгэлэгт тэнцэх чинь тэнцээгүй байхаас илүү хэцүү юм билээ :P Гэхдээ энэ өөр түүх учраас дараа бичих болно оо. 

Энэ удаа ICDF –ийн буюу Тайваний, яг одоо өөрийнхөө авч байгаа тэтгэлгийн талаар, бас яаж яваад нэг юм тэнцсэнээ бичье ээ. Ямартай ч зүв зүгээр байхад минь тэнгэрээс тэтгэлэг буугаад ирээгүй,  бага биш хичээл зүтгэл орсон гэдгийг хэлмээр байна.
Орон нутагт арван жилээ төгссөн, сайн англи хэлтэй биш, багаасаа англи хэл сайн сурах ёстойгоо мэдээгүй ойлгоогүй явсан, дээрээс нь бакалавраа нойлын ногоон төгссөн над шиг хүн хэрхэн бүрэн тэтгэлэгт тэнцсэн талаараа хуваалцахаар шийдлээ.
ICDF-ийн тэтгэлэг нь очих болон төгсөөд ирэх онгоцны зардал, сургалтын төлбөр, даатгал, сар бүрийн амьжиргааны зардал, оюутны байр, мөн сурах бичиг, сургалтын материалын зардалыг (тэнхимээс нэгдсэн журмаар захиалах фудволк, тэнхимийн үдэшлэг, Талархалын баярын оройн хоол гэх мэт жижиг жижиг зардалуудыг ч төлдөг. Бас хэвлэх зардалыг хүртэл) төлдөг бүрэн тэтгэлэг. Ирээд мэдсэнээр бол энэ тэтгэлгийг Тайваний дипломат харилцаатай орнуудын оюутнуудад түлхүү олгодог. Жишээ нь: Гондурас, Бэлиз, Никарагуа, Африкийн зарим жижиг орнууд гэх мэт. Эдгээр орнууд нь Тайванийг тусгаар улс байх ёстой гэж үздэг, гадаад бодлогоороо Тайваний тусгаар тогтнолыг дэмждэг орнууд бөгөөд эдгээр орны оюутнууд маш олон байдаг. Монголын хувьд “нэг Хятад” гэдэг бодлого баримталдаг учраас Тайваний элчин сайдын яам Монголд байдаггүй, зөвхөн төлөөлөгчийн газар байдаг. Тиймээс жилд Монголоос 1-3 хүн л тэнцдэг. Тэгэхээр Тайваний элчин сайдын яам байдаг орнуудаас олон оюутан энэ тэтгэлгийг авдаг мөн эдгээр орнуудад энэ тэтгэлгийг авах тийм ч хэцүү биш гэнэ лээ, манай ангийнхны хэлж байгаагаар.
Тэтгэлгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://www.icdf.org.tw/ct.asp?xItem=12505&CtNode=30491&mp=2 хаягаас авч болно. ICDF Higher education scholarship program гээд хайвал олдоно. Яг одоо зарлагдчихсан байгаа ба материал хүлээж авах хугацаа 3 сард дуусна.
За одоо би энэ тэтгэлэгийг хэрхэн авсан бэ?
Ямартай ч миний Тайваньд сурах мөрөөдөл 2013 оноос эхэлсэн ба би тэр үеэс сургуулиуд судлаж эхэлсэн. Эхний сургууль маань манай найзын сурдаг сургууль байсан ба эхний удаа apply хийгээд би тэнцээгүй ээ :D Дараагийн семестерээс нь өөр сургуулиуд хайж эхэлсэн ба Тайваны олон сургуулийн сайтыг нэг бүрчлэн ухаж үзэхэд би хэтэрхий залхуу учраас, яг өөрийнхөө сурахыг хүсч байгаа чиглэл, хөтөлбөрөө тодорхойлоод, яг тэр чиглэлээр маань хөтөлбөр санал болгох сургуулиудыг хайж эхэлсэн. Тэр үед би “Сэтгэл судлал”-аар, англи хэл дээр, мастерийн хөтөлбөр хайж байсан ба миний хүсэлд нийцсэн, англи хэл дээр сургалт нь явагддаг 2 сургууль олоод, нэгэнд нь өргөдөл гаргасан. Нөгөөх нь тухайн семестэрт өргөдөл хүлээж авахгүй байсан билүү, яасан билээ, материалаа явуулаагүй л юм даг.
Тэр сургуульдаа тэнцээд, сургуулийн, сургалтын төлбөрийн тэтгэлэг авсан. Гэхдээ л онгоцны болон амьдрах зардалаа өөрөө гаргахаар байсан ба надад тийм хэмжээний мөнгө байгаагүй. Одоо ч байхгүй :). Тэгээд яваагүй.
Сургуульд өргөдөл гаргах процесс семестер болгонд нэг л явагдах болохоор хажуугаар нь миний амьдрал үргэлжилж байсан гэдгийг хэлмээр байна ккк. Би сэтгэл судлалаар МУИС-д магистерт сурдаг байв.
2014 онд ICDF-ийн тэтгэлэгт, яг одоо сурч байгаа сургуулийнхаа яг энэ хөтөлбөрт өргөдөл гаргаад материалаа явуулсан боловч сургуульдаа ч, тэтгэлэгтээ ч тэнцээгүй
 Тэгээд 2014-2015 хүртэлх хугацаанд би магистертаа сурангаа ажлаа хийж байгаад 2015 онд дахин өргөдөл гаргасан. Тэр үед би магистераа төгсөх болчихсон бас яг мөрөөдлийнхөө ажлыг хийж байсан ба материал бүрдүүлэх, өөрийгөө илэрхийлэх, яагаад сурах гээд байгаа, яагаад надад тэтгэлэг хэрэгтэй байгаа, би Монголд юу хийх гээд мөрөөдөөд яваад байгаагаа гайгүй илэрхийлэх боломжтой болсон байлаа,кк.
Энэ тэтгэлэг жил бүрийн 1 сард зарлагдаад, 3-р сард материал хүлээж авах хугацаа нь дуусдаг. Мөн тодорхой сургуулиудын тодорхой хөтөлбөрүүдийг заагаад өгчихсөн байдаг ба тэтгэлэгт материалаа өгөөд бас давхар сурахыг хүсч байгаа сургуульдаа apply хийж, шаардлагатай материалуудыг бүрдүүлж явуулах ёстой байдаг.
Хэрвээ материалаа бүрдүүлээд өгчихсөн бол 6 сард хариу гартал хүлээх ёстой. Голоор нь элдэв ярилцлага шалгалт байхгүй. Материалаа явуулаад мартчихад болно :P Миний хувьд угаасаа өмнө нь унасан туршлагатай хүн чинь 2015 онд материалиа бүрдүүлж өгөөд л мартчихлаа.
Аа харин сургуулийн хувьд мэйлээр тогтмол харилцаатай, миний материал очсон эсэх, дутуу зүйл байгаа эсэх, яасан ийсэн, яаж байна ийж байна гээд байнга имэйл шидэлцээстэй. Тэгээд 5 сард сургуульд тэнцсэн эсэх хариуг гардаг. Өнгөрсөн 5 сард сургуульдаа тэнцчихээд магистерийн ажлаа бичингээ тэтгэлэгээ хүлээгээд л байсан.
Тэгээд л нэг юм, магистераа төгсөөд, хонхны баяраа хийчихээд, бас дээрээс нь Солонгосын тэтгэлэгт тэнцчихсэн, бараг л Солонгос явахаар шийдчихээд байсан 6 сарын 13-14нд шилжих шөнө, гэртээ (Дундговийн Хулдад), нойр хүрэхгүй хэвтэж байсан чинь гэнэт ICDF-ийн сайтыг шалгамаар санагдаад (тэтгэлгийн хариу 6 сарын 15нд гардаг).Тэгээд орсон чинь тэтгэлийг дүн гарчихжээ. Тэр олон жагсаалтаас Монгол гэсэн үг хайгаад, олоод, Монголын ард өөрийнхөө нэрийг хараад л тэтгэдэг авсанаа мэдсэн :D

Тэгээд хамгийн чухал хэсэг: Яаж тэтгэлэг авах вэ? 
Өөрийгөө зөв илэрхийлэх, чиний хүсч зорьж байгаа зүйлтэй чинь өдийг хүртэл явсан зам чинь холбоотой байх ёстой, зорилгынхоо төлөө жижиг гэлтгүй алхам хийсэн гэдгээ харуулах хэрэгтэй. Тэгээд л болоо. 
Энд ирээд, олж мэдсэнээр, сургуульдаа тэнцчих юм бол ICDF- ийн тэтгэлэгт тэнцчихээр юм байна лээ шүү. Бодлого нь сургууль дээрээ төвлөрдөг. Сургуулийн шийдвэрийг иэхвчлэн харгалзана гэсэн үг.

Бас материал бүрдүүлэх тал дээр гэвэл, тэнцэхгүй ч байсан материалаа бүрдүүлээд явуулаад л бай. Бүрдүүлэх бүрд өөр болоод сайжраад л явах болно. Шаардлагатай материалуудыг бүгдийг нь бүрдүүлэх ёстойг надаар хэлүүлэлтгүй бүгд мэдэж байгаа байх. Мөн материалаа хугацаа дуусахаас ядаж 2 хоногийн өмнө бүрдүүлж өгөөрэй. Тэтгэлгийн сайт дээр бүрдүүлэх материалын жагсаалтанд байгаагүй зүйлийг Төлөөлөгчийн газар шаардаж магадгүй. Тиймээс нөөц хугацаатай байх хэрэгтэй.
Тэтгэлэгт онлайнаар бүртгүүлнэ, тэгээд application form- оо хэвлээд, бусад материалуудаа бүрдүүлээд Тайваний Төлөөлөгчийн газар өгөх ёстой. Бүрдүүлэх материал дотор нэг ярвигтай, цаг, мөнгө шаардсан зүйл бол Эрүүл мэндийн хуудас. Баахан шинжилгээ өгч, бас вакцин хийлгэж байж бөглүүлээд, эмнэлгээрээ тамгалуулаад өгөх ёстой. Уул нь нэг удаа эрүүл мэнддээ анхаараад шинжилгээ өгчихөд буруудах зүйлгүй ч, зүүнээс айдаг над шиг хүнд, 2-3 өдөр эрт босч эмнэлэг явах төвөгтэй байсаан. Халдварт дээр цээжний рентген зураг, вакцинаа хийлгэчихэд хямд, харин шинжилгээнүүдээ Гялс дээр өгчихвөл хурдан, бас хялбар байдаг. Гялсаар бөглүүлэх ер нь амар. Эхний жил би Халдварт, 1-р эмнэлгээр яваад, эрүүл мэндийн хуудасны хэсэг тус бүр дээр нэг нэг эмч дээр очоод, оочирлоод, бүх гарын үсгийг нь цуглуулаад, эцэст нь нэг том эмчээр тамгалуулах гэж хүлээгээд бөөн юм болсон. Хайран цаг. (Би тэр үед зөвхөн улсын эмнэлгийн тамгатай эрүүл мэндийн хуудсыг хүлээж авдаг гэж ойлгоод тэгж их цаг, ажил удсан хэрэг. Гялсын тамгатай хуудас болно)

Бас сургуульд, тэтгэлэгт тэнцэхгүй байлаа гээд сэтгэлээр унаж, санаа зовох хэрэггүй. Хүсч байгаа л бол хэзээ нэгэн өдөр тэтгэлэг авах л болно. Тэгээд ч тэтгэлэг авахгүй байлаа гээд БИ /чи/ ҮХЧИХГҮЙ. (Хаха, сайн биш зүйл тохиолдох бүрт бодож, хэлж өөрийгөө сэргээдэг үг маань)

Дээрээс нь одоо Тайваний сургуулиуд олон улсаас оюутан авах асар сонирхолтой байгаа. Яагаад гэвэл төрөлтийн бууралтаас болоод сургуулиуд хангалттай хэмжээний оюутан элсүүлэх боломжгүй болж байгаа. Тиймээс тэтгэлэг санал болгох, эхний жилийн төлбөрөөс чөлөөлөх гэх мэт олон боломж санал болгож байгаа. Гэхдээ хамгийн гол нь эхний жил сургуулийн тэтгэлэг авчихаад дараа жил авна гэдэг жаахан асуудалтай юм байна лээ шүү, хүмүүсийг харж байхад . Тиймээс санхүүгийн асуудлаа сайн төлөвлөх хэрэгтэй.

 (Бусад мэдээний сайт шиг тэтгэлгийн талаарх бүх нарийн мэдээллийг, алхамыг орчуулж оруулаагүйд УУЧЛААРАЙ. Сайт руу нь ороод уншчихад бүх мэдээлэл, маш ойлгомжтой байгаа)

Анхны пост

Сайн байна уу

Тавтай морил :D